Sunday, July 1, 2012

Булган сум

Булган сум нь Ховд аймгийн сум юм. Улаанбаатараас 1855 км, аймгийн төв Ховдоос 385 км алслагдсан. Баруун талаараа БНХАУ-тай хиллэдэг.
Их Ижил мөрөн,Уралын Зайраас 1771 онд залуу Увш хааны удирдлагын доор дайн самуун, байгалын хүнд хэцүү бэрхшээлийг даван туулж эх нутагтаа нүүдэллэн ирсэн Халимагуудыг 1771 оны 08-09 сард Одоогийн Булган сумын нутагт суурьшуулжээ. Булган сум нь 1931 онд Монгол Алтайн нурууны чанадад Мөнхцаст оргилуудаас эх аван урсдаг Булган голын хөвөөнд "Баян судал" гэдэг газар байгуулагдсан.
Булган сумын төвийг хожим Бүрэнхайрхан уулын хормойд шилжүүлэн байгуулсан түүхтэй. Булган голын хөндий нь улиас, бургас, чацаргана, алтан харгана, хонхот харгана шигүү ургасан, зам харгуй байхгүй битүү ургамлаар хучигдсан, Булган голоос гадна булаг шанд ихтэй, нуур цөөрөмтэй (цоохор нуур, гашуун нуур гэх мэт), чийглэг хөрстэй,урсгал усандаа минж элбэгтэй, тохой булан бүрт минж голын усыг тас боосон боогой ихтэй, зэрлэг амьтдаар дүүрэн тансаг нутаг байлаа.
Хүн ам нь 15000 орчим, үүнээс 80% гаруй нь торгууд ястан.

Амьжиргааны гол эх үүсвэр нь мал аж ахуй, газар тариалан, худалдаа үйлчилгээ юм. Тус сум мах, өөх, ноосны чиглэлийн хонь, ямаа, махны чиглэлийн үхэр голлосон 134 мянган толгой малтай. Булган голын хөндийд 1000 шахам га усалгаатай тариалан эрхлэж гурилын түүхий эдээ өөрсдөө бэлтгэхийн зэрэгцээ хил худалдаа хийдэг 2 боомттой.
Одоо Булган сум 70 гаруй мэргэжлийн багш, 110 гаруй ажилчинтай, 1900 гаруй сурагчтай 11 жилийн сургууль, 30 орчим их эмч, 50 гаруй ажилчинтай сум дундын эмнэлэг, соёл урлаг, тээвэр, эрчим хүч, худалдаа эрхэлдэг 40 гаруй байгууллагатай.
Өвөл 35.5-40 хэм хүртэл хүйтэрч, зун намарт 38-40 хэм хүрдэг. Булган гол 100 гаруй км урсана. Алгана, цурхай, хадран загас, дэлхийд ховордсон Алтайн минж нутаглана. Цоохор, Гашуун нуур, Хагшаал, Аавдай, Баянгол, Индэрт зэрэг 50 гаруй гол горхи Булган голд цутгана. Булган нутаг вансэмбэрүү, шар мод, нохойн хошуу, алтан гагнуур, чийр, чихэр өвс, хулангийн ундаа, таван салаа зэрэг эмийн ургамалтай.


No comments:

Post a Comment